2022 оны 03 дугаар сарын 31
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтан буюу Е-9 визийн ангилалаар ажиллах хүч зуучлах үйл ажиллагааг Монгол Улсын илгээгч байгууллагаар томилогдсон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар шууд хариуцан зохион байгуулж ажилладаг цорын ганц байгууллага.
Гэвч төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зарим нэг сургалтын байгууллага, иргэд хууль бусаар явуулах, ялангуяа орон нутгийн иргэдэд хуурамч мэдээлэл түгээх, цаг хугацаа, санхүүгийн хохирол учруулах, төрийн үйлчилгээ авахад нь санаатайгаар саад учруулдаг хууль бус үйлдлийг таслан зогсооход ИРГЭН та мэдэх, хөдөлмөрлөх, хөгжих эрхийнхээ дагуу зөвхөн эрх бүхий төрийн байгууллагаас үйлчилгээ авч, хариуцлагатай, ул суурьтай хандахыг сэрэмжлүүлж байна.
Мөн 2022 оны Солонгос хэлний цахим бүртгэл эхлэх гэж байгаатай холбогдуулан шалгалтад бүртгүүлж, тэнцүүлж өгнө гэх мэт сургалтын байгууллага болон хувь иргэний зар мэдээлэлд найдаж болохгүй зөвхөн өөрөө бүртгүүлэхийг зөвлөж байна.
Хэрэв сургалтын байгууллагаар бүртгүүлсэн тохиолдолд бүртгэл нь баталгаажаагүй бол манай байгууллага хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулъя.
Иргэн таныг залилангийн гэмт хэргийн ээлжит хохирогч болох эрсдлээс урьдчилан сэргийлж дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна. Үүнд:
Ø БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэл, сонирхолтой иргэдэд үзүүлэх бүртгэлийн үйл ажиллагаа цахим болсонтой холбогдуулан иргэдийн цахим мэдлэг, ур чадвар дутмаг, өөртөө итгэлгүй байдал, хялбар арга замаар хилийн чанадад гарах сонирхолтой байдлыг ашиглан бүртгэл хийлгэх нэрийдлээр мөнгө, санхүүгийн хохирол амсахаас зайлсхийх.
Ø Цахим орчинд төрийн байгууллагын албан ёсны нэр, утасны дугаар ашиглан нээсэн хуурамч хаяг, утсаар өгч буй бодит бус зөвлөгөө, мэдээллийг нягтлан шалгаж байх.
Ø ХХҮЕГ нь аливаа нэг сургалтын байгууллагатай хамтран ажиллах замаар тэдгээрт бүртгэлийн квот олгодоггүй гэдгийг онцгой анхаарч, зөвхөн албан ёсны байгууллагаар үйлчлүүлэхийг эрмэлзэх.
Ø Сошиал орчинд нийтэлсэн хуурамч зар мэдээлэл, худал амлалтад итгэж найдахгүй байх. Тухайлбал дараах зараас болгоомжил:
- БНСУ-ын Аж үйлдвэр, Усан онгоцны салбарт зуучилна.
- Төр захиргааны байгууллагын нэр төрийг ашиглан, гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр зуучилна.
- Е-7, Е-8, Е-9 визийн ангиллаар явуулна.
- БНСУ-ын бүртгэлд бүртгүүлж өгнө.
- БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэр байршуулж, нэр татуулна.
- Ажлын санал ирүүлнэ.
- Явах товыг наашлуулж өгнө гэх мэт/
Жич: Үнэн бодит мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох цахим хуудас, суурин утсаар болон өөрийн биеэр авч, цаг ямагт анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Цахим хуудас: hudulmur-halamj.gov.mn
Утас:77121285, 70136992
ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС