Манай төвөөс БНСУ-д Е-9 визээр буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, нутагтаа буцаж ирээд амжилттай ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дунд илтгэлийн уралдааныг жил бүр зарладаг. Түүнчлэн энэхүү уралдаанд 1-р байр эзэлсэн иргэнийг АҮХНХЭГ-аас БНСУ-д урьж нутаг нэгт хүмүүст нь илтгэл тавиулах арга хэмжээг зохион байгуулдаг. Уг уралдаан нь БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд мэдээлэл өгөх, нутаг буцах сэдэл төрүүлэх, урам зориг өгөх зорилготой юм. 2016 онд тус уралдаанд Ньюс агентлагийн сэтгүүлч Ч.Болорчулуун амжилттай оролцож БНСУ-д урилгаар очиж нутаг нэгт монголчууддаа илтгэл тавьсан. Түүний хувьд "Рио 2016" паралимпийн наадмыг сурвалжилсан бөгөөд 2018 онд БНСУ-д улсад зохиогдох өвлийн олимпийн үеэр "Пёнчан 2018" паралимпийн наадмыг сурвалжлахаар болжээ.