БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ - 5-р бүлэг

Хэвлэх
Мэдээллийн индекс
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2-р бүлэг
3-р бүлэг
4-р бүлэг
5-р бүлэг
6,7-р бүлэг
8,9-р бүлэг
10-р бүлэг
11,12-р бүлэг
13,14-р бүлэг
15-р бүлэг
Бүх Хуудсууд

ТАВДУГААР БҮЛЭГ АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГ
70 дугаар зүйл. Ажлын цаг
70.1.Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна.
70.2. Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна.
70.3. Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна.

71 дүгээр зүйл.Ажлын цагийг богиносгох
71.1. Долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны ажилтанд 36 цаг хүртэл байна.
71.2.Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй.
71.3.Ажилтны ажлын цагийг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу богиносгоно.
71.4.Үйлдвэрлэл дээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан ажилтны ажлын цагийг суралцаж байх хугацаанд нь ажил олгогч богиносгох үүрэгтэй.
71.5.Тахир дутуу болон одой хүний гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг харгалзан ажлын цагийг богиносгож болно.

72 дугаар зүйл.Шөнийн цаг
72.1.Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.

73 дугаар зүйл.Ажлын цагийг нэгтгэн бодох
73.1.Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно.
73.2.Энэ хуулийн 73.1-д заасан тохиолдолд нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ажлын цагийн нийлбэрээс хэтэрч болохгүй.
73.3.Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг Засгийн газар батална.
73.4.Ажлын цагийг нэгтгэн бодсон нь ажилтанд ээлжийн амралт олгох, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг тооцох зэрэг асуудлаар хууль тогтоомжид заасан нөхцөлийг хэрэглэхэд хязгаарлал болохгүй.

74 дүгээр зүйл.Илүү цагаар ажиллуулахыг хязгаарлах
74.1. Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ.
74.2.Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол дор дурдсанаас бусад тохиолдолд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:
74.2.1.улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
74.2.2.байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
74.2.3. нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
74.2.4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.
74.3. Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.

75 дугаар зүйл.Амрах, хооллох завсарлага
75.1.Ажилтанд амарч, хооллоход нь зориулан завсарлага олгоно.
75.2.Завсарлага эхлэх, дуусах цагийг хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно.
75.3.Ажил, үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй ажилтай ажилтныг ажил олгогч хооллох бололцоогоор хангана.

76 дугаар зүйл.Нийтээр амрах баярын өдөр
76.1.Дараахь баярын өдөр нийтээр амарна:
76.1.1.Шинэ жил: нэгдүгээр сарын 1;
76.1.2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2;
76.1.3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8;
76.1.4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1;
76.1.5. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13;
76.1.6.Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр: арван нэгдүгээр сарын 26.

77 дугаар зүйл.Долоо хоног бүрийн амралт
77.1. Бямба, Ням гаригт нийтээр амарна.
77.2. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан хоёр өдөр амруулна.
77.3. Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно /Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 27-н өдрийн хуулиар нэмсэн/.

78 дугаар зүйл.Нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хязгаарлах
78.1. Дор дурдсанаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно:
78.1.1. энэ хуулийн 74.2.1, 74.2.2, 74.2.3, 74.2.4-т заасан;
78.1.2.тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний болон хойшлуулшгүй засвар, ачиж буулгах ажил гүйцэтгүүлэх.
78.2. Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно.
78.3.Энэ хуулийн 78.2-т заасан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно.

79 дүгээр зүйл.Ээлжийн амралт, түүний хугацаа
79.1. Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
79.2. Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.
79.3. 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.
79.4. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно.
79.5.Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:
79.5.1. 6-10 жилд ажлын 3 өдөр;
79.5.2. 11-15 жилд ажлын 5 өдөр;
79.5.3. 16-20 жилд ажлын 7 өдөр;
79.5.4. 21-25 жилд ажлын 9 өдөр;
79.5.5. 26-31 жилд ажлын 11 өдөр;
79.5.6. 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.
79.6. Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно: /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
79.6.1. 6-10 жилд ажлын 5, түүнээс дээш өдөр;
79.6.2. 11-15 жилд ажлын 7, түүнээс дээш өдөр;
79.6.3. 16-20 жилд ажлын 9, түүнээс түүнээс дээш өдөр;
79.6.4. 21-25 жилд ажлын 12, түүнээс дээш өдөр;
79.6.5. 26-31 жилд ажлын 15, түүнээс дээш өдөр;
79.6.6. 32, түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдөр
79.7.Төрийн албан хаагчийн нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болно.

80 дугаар зүйл.Чөлөө олгох
80.1. Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно.
80.2. Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна.



 
You are here: Home МУ-ын Хөдөлмөрийн хууль ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ - 5-р бүлэг

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН